"Mongolia Mineral Exploration Round up-2009" Чуулга -уулзалтын талаар

"Mongolia Mineral Exploration Round up-2009" чуулга-уулзалт анх удаагаа маш амжилттай явагдлаа. Иймд энэхүү арга хэмжээг санаачилж, зохион байгуулсан МҮГХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Бат Эрдэнэ, МГХ-ны гүйцэтгэх захирал, геологч Б.Болд -Эрдэнэ, доктор С.Жаргалан, геологч Ч.Энх-Амгалан болон гар бие оролцсон бусад хүмүүст Геологчдынхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. Мэдээж эхний ажил болохоор алдаа оноо байж л таараа үүнийг зохион байгуулсан хүмүс дараа дараагийнхаа ажилд анхаарч арга хэмжээг улам чамбай, илүү өгөөжтэй, нэр хүндтэй, Геологчид бидний хүсэн хүлээдэг байнгын арга хэмжээ болгож чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд уг чуулга уулзалтаас төрсөн сэтгэгдэл, зарим нэг саналаа та бүхэнд хүргэе гэж бодсон юм. 

Ер нь бид төрийн ч, төрийн бус ч байна уу ер нь бүгдээрээ нэгдэж байгаад л жилдээ ганц удаа л энэ хэмжээний өгөөжтэй, сонирхолтой ажлыг Геологчиддоо зориулаад зохион байгуулчихвал болж байна.

Мөн энэхүү чуулга уулзалтыг яг энэ үед нь явуулвал цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой байна. Яагаад гэвэл өнгөрсөн жилийн ажлын шинжилгээний үр дүнгээ хүлээж авсан, суурин боловсруулалтаа хийж дуусаад тухайн жилийнхээ хээрийн ажилд гарахын өмнө учраас маш оновчтой байна.

Хурлын ажиллагааг төрөлх монгол хэл дээрээ явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа МҮГХ-ны ерөнхийлөгч, доктор Д.Бат-Эрдэний үзэлтэй 100 хувь санал нэг байна. Ер нь яахаараа монголын геологч монголчууд бид Монгол орноо судалчихаад өөрийн орондоо өөрсдөдөө зориулж зохион байгуулж байгаа хурал чуулган дээр харийн хэлээр хагас дутуу ойлголцоно гэж юу байдаг юм. Төрөлх хэлээрээ л хөгшин залуу, хэлтэй хэлгүй гэхгүй л бүрэн ойлголцож байвал энэ арга хэмжээний өгөөж нь их шүү дээ. Тиймээс би гадныхныг оролцуулаад англи хэл дээр олон улсын шинжтэй болгоё гэж байсан зарим хүмүүстэй санал нийлэхгүй байгаа. Тэртэй тэргүй л жил болгоны намар Хөрөнгө оруулагчдын чуулган гээд л тэд нарын хэлээр л энд яригдаад байгаа зүйлүүд л хэлэлцэгддэг шүү дээ.

Зарим эрдэмтэд, геологчид региональ геологи буюу суурь судалгааны / стратитрафи, тектоник, магматизм г.м., / үр дүнгийн талаар жичид нь энд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж санал гаргаж байсан. Гэвч чуулга-хурлынхаа нэр, агуулга, зорилгод нийцүүлж илтгэл, хэлэлцүүлгийг явуулах нь зөв шүү дээ. "Геологи" гэх маш өргөн салбарын хамаг юмыг энд хамж шимээд хэлэлцэх боломж ч байхгүй, тэгэх шаардлага ч үгүй баймаар ажлынхаа ач холбогдлыг бодвол. Мэдээж энд ашигт малтмалын эрлийн шалгуур, шууд ба шууд бус шинж тэмдгүүд болж байгаа стратиграфи, магматизм, тектоник-структурын судалгааны үр дүнг ярьж л байгаа шүү дээ тухайн ашигт малтмал болон хүдэржилтийн хувьд мөн металлогений зүй тогтолыг хянагч томоохон факторууд гэх мэтээр. Хэрвээ ашигт малтмалтай ямарч холбогдолгүй дагнасан байдлаар энд эдгээрийг хамруулах юм бол аль аль нь үр дүнгүй хэтэрхий өргөн хүрээнд сарниад, арга хэмжээг сунжруулаад өгөөж муутай болно гэж бодож байна. Ер нь цаашид жил болгоны намар Геологчдын баярын үеэр манай Геологийн хүрээлэн, Палеонтологийн төв, бусад байгуулагууд хамтраад эдгээр суурь судалгааны үр дүнгээ хэлэлцдэг, хавар нь энэ чуулганаар ашигт малтмалын судалгааны үр дүнгээ ийм маягаар хэлэлцээд заншчихвал илүү үр дүнтэй юм шигээ.

Чуулганы 2 өдөр хэлэлцсэн илтгэлүүд бүгд л сонирхолтой, шинэ мэдээллийг агуулж чадаж байсан гэж болохоор зарим нэгийг эс тооцвол. Ер нь цаашид энэ чуулганд хэлэлцүүлэх, хэвлүүлэх илтгэл, материалыг өмнө нь 3 хүний бяцхан редакцийн комисс гаргаад шүүн хэлэлцээд сонголт хийвэл хүмүүст илүү үр дүнтэй гэж бодож байна. Мэдээлэл аль болох шинэлэг, өмнөхөөсөө чанарын хувьд ахисан байвал зүгээр юм шиг. Нэг юмаа 10, 20 жил ч ярьдаг хүмүүс байна мөн зарим нь хэт ерөнхий мэдээллийн шинжтэй ч байх шиг. Гэхдээ хэлэлцүүлсэн илтгэлүүдээс тухайн орд, илрэлийн хайгуулын болон эрлийн ажлын аргачлал, үр дүнг геологчид бидэнд тодорхой, сонирхолтой байдлаар мэдээлсэн залуу геологч Ж.Гантулгын "Цахир толгойн цул сульфидын зэс-цайрын ордын хүдэржилтийн онцлог", геологч Ж.Өлзийбаярын "Улаанбулагийн алтны үндсэн орд", геологч Ч.ЭнхАмгалангийн "Бумбатын нуруунд явуулж буй хайгуулын ажлын үр дүн", геологч Ц.Цэрэнжавын "Гутайн даваа талбайн хайгуулын үр дүн" илтгэлүүдээс гадна ахмад геологч А.Готовсүрэнгийн "Эпитермальное оруденение золота района Дуч гол и его геолого-структурная позиция", геологч Бүрэнтөгсийн "Сентерра Гоулд: Монгол дахь хайгуулын стратеги" илтгэлүүд металлогений ерөнхий зүй тогтол, шалгуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргаж өгсөн, сүүлийн үеийн эрлийн шинэлэг аргачлалуудын үр дүнг тусгасан, зарчмын асуудал дэвшүүлсэнээрээ ихээхэн ач холбогдолтой байлаа.

Мөн цаашид оролцож байгаа хүмүүсээс 20-30 мян. төг-ийн, үзэсгэлэнгийн хашлага ашиглаж компаниа танилцуулж байгаа ААН-үүдээс 50-60 мян. төг-ийн хураамж авах нь зүйтэй байж болох юм. Бас цаашид ивээн тэтгэгч байгууллагуудад хандивын доод хязгаар тавих, дотор нь хандивын хэмжээгээр нь ангилах /Хөрөнгө оруулалтын чуулганд хэрэглэдэг шиг / шаардлага ч гарч магадгүй юм.

Энэ удаагийн хуралд тодорхой аргачлал, үйлдвэрлэлд шинээр нэвтэрч , өргөнөөр хэрэглэж байгаа хайгуулын ажлын техник-технологийн талаарх мэдээлэл жаахан дутмаг байлаа гэж үзэж байна. Яахав ГТЛ, "Геосан" ХХК ерөнхий танилцуулга хийсэн. Цаашид Лабораторийн, Геофизикийн, өрөмдлөгийн үйлчилгээ үзүүлдэг ААН -үүдэд зохион байгуулагчид зориуд хүсэлт гаргаж бэлтгүүлэн маш тодорхой /ерөнхий биш/ арга-аргачлалын талаарх цөөн илтгэлийг тавиулж байвал зүгээр байна.

Геологич                                             Х. Гантөмөр /Ph.D/, Litholog LLC

 

 


Буцах
 
Платинум
 
Алтан
 
Энгийн
 
NEWSLETTER
 
Холбоо Барих

Холбоо Барих

Фэйсбүүк хуудас

info@mmer.mn

+976-99085258; 99239467; 99093797; 99106869; 99093439; 99109116; 91161698; 99667780

 
Зохион байгуулагчид
 
Хандалт